КЭЙС СУДАЛГАА #5

УЛААНБААТАР ХОТЫН ЗАЛУУС

Хотын төлөөх залуусын хөдөлгөөн

Т. Алдарсайхан, Б. Цацрал

БЭРХШЭЭЛ 

Барилгажилт нь бүтээн байгуулалтыг бий болгох сайн талтай ч нөгөө талаас хотын олон нийтэд зориулсан орон зайг булааж байгаа нь томоохон асуудал болоод байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын стандартын дагуу нэг хүнд 9 кв. метрээс багагүй ногоон байгууламж ногдох ёстой бол Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн иргэдэд дөрөв орчим кв. метр талбай ногдож (2015, 2018) байв, . Ногоон байгууламж хангалтгүй учраас хүмүүс хотын эргэн тойрны уул, модонд агаарт гардаг ч тийшээ явж очих нь тэр бүр хялбар, дөт байдаггүй. 

Хотын ногоон байгууламж, нийтийн зай талбай улам бүр хумигдаж байгаад олон шалтгаан байгаа. Тэр дундаас нэлээд анхаарал татдаг нь олон нийтийн оролцоо дутмаг байдал буюу бүтээн байгуулалтыг төлөвлөх шатанд оршин суугчидтай зөвшилцөх, тэдний зөвшөөрлийг авах хууль эрх зүйн шаардлага хангалтгүй юм. Улаанбаатарчуудын хувьд нэлээд шуугиан тарьсан нэг жишээ бол хүмүүсийн дунд “Фонтан” гэж нэршсэн талбайтай холбоотой үйл явдал юм. Улаанбаатар хотын дурсамж дүүрэн газрын нэг болох Хичээнгүй сайд Б. Цэрэндоржийн гудамж дах олон нийтийн талбайг 2017 оны 8-р сарын 5-ны орой хашаалж, барилгын ажлыг эхлүүлжээ. Энэ гудамжинд газар доорх үйлчилгээний төв, гарааж барих шийдвэрийг Нийслэлийн захиргаа гаргахдаа оршин суугчидтай огт зөвшилцөөгүй. Энэ талаар ямар ч мэдээлэлгүй байсан оршин суугчид хашаа татаж, газар шорооны ажил эхэлж буйг сошиал медиа дээр дуулгаснаас нэгэн хөдөлгөөн эхэлжээ.

Photo 4.jpeg

ШИЙДЭЛ

Фонтаны орчмын 40, 50 мянгатын хорооллын оршин суугчид, бизнес эрхлэгчдээс гадна төрөлх хотдоо хайртай иргэд, тэр дундаа хот төлөвлөлтийн мэргэжилтнүүд, хуульчид сайн дураараа нэгдэн, хотын өнгө төрхийг тодорхойлогч энэ талбайг аврах хөдөлгөөн эхлүүлжээ. ТВ, хэвлэлд ярилцлага өгөх, нийтлэл бичих, түүнчлэн хэвлэлийн хурал хийх аргаар нийслэлийн захиргааны шийдвэрийг эрх зүйн талаас нь дүгнэж ярилцаж байсан нь “бид зөвшөөрөхгүй” гэсэн эсэргүүцлээс илүү нухацтай хандахыг хүссэний илрэл. Фэйсбүүк дээр “Фонтанаа аврая” хөдөлгөөний хуудсыг нээж, Улаанбаатар хотын төлөвлөлтөд тулгарч буй асуудлууд, гадны хотын иргэдийн зохион байгуулсан

олон нийтийн талбайн төлөөх хөдөлгөөн, хэрхэн амжилтад хүрсэн тухай мэдээллийг нийтэд түгээлээ. Энэ хөдөлгөөнд нэгдсэн хот төлөвлөлтийн мэргэжилтнүүд, хуульчид, иргэдийн төлөөлөл Нийслэлийн удирдлагатай уулзаж, асуудлыг хууль зүйн үндэслэлтэй ярилцаж эхэлсэн нь нэлээд хэдэн сарын ажлын эхлэл байв. Тэд тус гудамжинд үйлчилгээний төв барих шийдвэр хуулийн хүрээнд гарсан эсэх талаар нийслэлийн захиргаатай ярилцахын зэрэгцээ шинэ барилга нь зураг төслийн дагуу баригдах боломжтой эсэхэд хөндлөнгийн экспертийн дүгнэлт хийлгэх зэргээр мэргэжлийн үндэслэлтэй, мэдээлэл, дүн шинжилгээнд суурилсан байдлаар яриа, хэлцэл хийжээ. Тус гудамжинд хийсэн цуглааны үеэр оршин суугчид үүрэг гүйцэтгэгчидтэй маргалдах нь үр дүнтэй бус харин тухайн цуглаанд ирээгүй шийдвэр гаргагчидтай ярилцах нь илүү үр дүнтэй гэж уг хөдөлгөөнийхөн үзжээ.

q5-17.png

Уг хөдөлгөөний залуус хотынхоо төлөөх тэмцэлдээ бүх насны хүмүүсийг, ялангуяа залуусыг оролцуулахын тулд тэмцлийг өвөрмөц байдлаар зохион байгуулахад анхаарсан. “Ирээдүйгээ эергээр өөрчлөе” нэртэй шинэлэг арга хэмжээ уг хөдөлгөөнд залуусыг уриалахад нэлээд үүрэг гүйцэтгэсэн. Magnolian, Bazo, Kris Schroeder, Jazz Train зэрэг монгол, гадаад уран бүтээлчид уг талбайд 2017 оны 8-р сарын 12-ны өдөр концерт зохион байгуулж, залуусыг нэгдэхийг уриалсан юм. Цуглаанд ирэх залуусыг ногоон орон зайгаа авч үлдэхийг илэрхийлэн тод өнгийн хувцас өмсөн, эерэг агуулгатай постер ашиглахыг уриалан дуудсан нь хөдөлгөөний зохион байгуулагчид энэ цуглаанаа бүх талаараа эерэг, шинэлэг байхыг төсөөлсний илрэл. Концертын үеэр 100 гаруй залуус ирсэн бөгөөд тэдний сошиал медиад оруулсан пост, стори нь илүү олон хүний анхаарлыг татсан байх гэж тус хөдөлгөөнийг төлөөлөн Т. Алдарсайхан, Б. Цацрал хоёр ярилаа.

Photo 1.jpeg

Бид өөрсдийн эрх ашгийг хамгаалах, эсвэл хууль бус үйлдлийг эсэргүүцэн жагсах нь маш ховор. Хааяа нэг болдог цуглаан, жагсаалыг ихэнхдээ улс төрийн зорилгоор зохион байгуулдаг гэж харддаг тул тэр бүр нэгдэж жагсдаггүй. Харин хотынхоо хэмжээнд гарын хуруунд багтахаар, үнэ цэнэтэй олон нийтийн газрыг хадгалахын тулд иргэдийн дундаас гарсан санаачилгад “Фонтанаа аврах” хөдөлгөөн багтана. Тэд анх 2017 оны 8-р сарын нэгдэж, найман сарын турш уйгагүй тэмцсний эцэст Хичээнгүй сайд Б. Цэрэндоржийн гудамжийг зөвхөн олон нийтийн талбай хэвээр үлдээх шийдвэрийг нийслэлийн захиргаанаас гарган, 2018 оны 5-р сарын 23-нд барилгын ажлын талбайн хашааг нураав. 

Энэ хөдөлгөөнд идэвхтэй оролцсон иргэд, залуусын төлөөлөл олон үнэтэй зүйлс сурчээ. Иргэдийг мэдлэгтэй болгож, мэдээллээр хангасны үндсэн дээр хууль бус шийдвэрийг эсэргүүцэх нь цаг хугацаа, эрч хүч шаардсан, тасралтгүй хийх ажил боловч хоосон эсэргүүцлээс илүү үр дүнтэй. Хамгийн том урам нь нэг хөдөлгөөн амжилттай өрнөж, иргэд өөрсдийн эрх ашгаа хамгаалж чадсан амжилт нь дараа, дараагийн ажил үр дүнд хүрнэ гэдэг итгэлийг бүх хүнд төрүүлдэг гэж Т. Алдарсайхан, Б. Цацрал хоёр хэлэв.

 
q5-19.png