УНАА төсөл өвөрмөц аргаар асуудлаа тодорхойллоо!

for-web.png

УНАА төслийн хамтрагч – Гэр өргөө ТББ – гэр хорооллын оршин суугчдын чөлөөтэй зорчиход нь тушаа болдог бэрхшээлийг тодорхойлох зорилготой хэлэлцүүлгийг 2020 оны 5-р сарын 26, 28-ны өдрүүдэд зохион байгууллаа. Хэдийгээр оршин суугчдыг оролцуулах төлөвлөгөөтэй байсан ч Ковид-19 хөл хорионы улмаас зөвхөн хорооны хэсгийн ахлагч нарыг оролцууллаа.

DSC_9528.jpg

Хэсгийн ахлагч нарыг Улаанбаатар хотын дүүргүүдээс томилдог бөгөөд өөрсдийн хариуцсан хэсгийн оршин суугчдад төрийн үйлчилгээг хүргэж ажиллах үндсэн үүрэгтэй. Хэсгийн ахлагч нар нь хорооны ойр орчимд амьдардаг гэр хорооллын оршин суугчид гэдэг утгаараа ажлаа хийх явцад гэр хороололд зорчиход тулгардаг өдөр тутмын бэрхшээлийг хамгийн сайн мэддэг хүмүүсийн төлөөлөл юм. Эдгээр хүмүүстэй сонирхолтой бөгөөд өвөрмөц дасгал, ажиглалтыг хийх замаар зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж буй бэрхшээлийг тодруулах, иргэдийн санааачилгад тулгуурлан бэрхшээлийг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх нь хэлэлцүүлгийн зорилго байлаа. 

DSC_9476.jpg

Тухайлбал, зураглал гаргах дасгалаар дамжуулан ажилдаа очих, худгаас ус авах, хүнсээ цуглуулах, сургууль, цэцэрлэгт хүүхдээ хүргэх болон авах, хотын төв рүү явах гэх мэт тэдний өдөр тутам зорчдог газруудыг хорооны газрын зурагт тэмдэглэв. Түүнчлэн хэсгийн ахлагчид орчноо шинэ нүдээр харж, асуудал, бэрхшээлийг тодорхойлох ажиглалтын дасгал хийснээс гадна өөрсдийн гудамж, амьдардаг орчноо хүн төвтэй байдлаар төлөвлөх зугаатай дасгалыг гүйцэтгэв. Энэ төлөвлөлтөд дэд бүтцийг хөгжүүлэхээс гадна иргэдийн оролцоотойгоор орчноо сайжруулах санааг тусгах байлаа.

Оролцогч бүр авто зам хангалтгүй, нийтийн тээврийн хүртээмж сул гэсэн асуудлаас эхлээд автобусны буудлын тэмдэг, тэмдэглэгээ, автобусны жолооч нарын хариуцлагагүй үйлдэл болон харилцааны соёл, эзэнгүй ноход зэрэг өөрсдийн амьдардаг орчинд болон Улаанбаатар хотын хэмжээнд чөлөөтэй зорчиход нь тулгардаг асуудлыг нарийвчлан тодорхойлов. Хэлэлцүүлгийн явцад түүнчлэн өвлийн хүйтэнд өгсүүр зам мөстдөг, бороотой үед шалбааг тогтдог зэргээр улирлын чанартай асуудлыг ярилцлаа.

DSC_9587.jpg

УНАА төсөл нь эдгээр хэлэлцүүлгээс гарсан дүгнэлтэд үндэслэн, өвөрмөц бөгөөд хэрэгжүүлэх боломжтой иргэдийн санаачилгыг эхлүүлэх дараагийн хэлэлцүүлэг болон төслийн сошиал медиа кампанит ажлыг төлөвлөх юм.