КЭЙС СУДАЛГАА #1

ГЭР ХОРООЛЛЫН УНАА

IMG-2185.PNG

ГЭР ХОРООЛЛЫН УНАА 

Доржийн Баярбат

БЭРХШЭЭЛ

Олон улсын стандартын дагуу гэр, автобусны буудал 500 метрийн тойрогт багтаж байвал нийтийн тээврийн үйлчилгээ хангалттай гэж үздэг. УНАА төслийн урьдчилсан судалгаанд Улаанбаатар хотын хэмжээнд орон сууцны бүсийг гэр хороололтой харьцуулахад иргэдийн зорчих хөдөлгөөнд олон бэрхшээл тулгардаг хэмээн дүгнэсэн. Жишээлбэл, Сонгинохайрхан дүүргийн 31-р хорооны судалгаанд оролцсон 156 иргэний зөвхөн 18 хувь нь автобусны буудлаас 500 метрийн доторх зайд амьдардаг. Гэр хороололд нийтийн тээврийг сайжруулахын тулд авто зам барих, чиглэл нээх гээд ихээхэн хөрөнгө оруулалт шаардсан ажлыг аажим, аажмаар хийж байгаа. Гэвч олон жилийн туршид хийгдэх эдгээр өөрчлөлтийг хүлээх зуур богино хугацааны ямар шийдэл байна вэ?

Хүн бүр өглөө ажилдаа явахаас эхлээд хүүхдээ цэцэрлэг, сургуульд хүргэх, ус, түлш авах, хүнс цуглуулах гээд байнга зорчиж байдаг. Автобус байхгүй үед өвөлдөө халтиргаатай, зундаа шалбаагтай гуу жалга давж, эзэнгүй нохой хуцсан, харанхуй, мухар гудамжаар энэ бүх ажлыг амжуулна гэдэг нэлээд халширмаар сонсогдоно. Энэ бэрхшээлийг иргэдийн түвшинд шийдвэрлэж буй нэг оролдлого нь бидний мэдэх “таван зуугийн”, эсвэл “мянгын унаа” юм.

guy-with-bg.png

ШИЙДЭЛ

Сонгинохайрхан дүүргийн 31, 43-р хороонд амьдардаг иргэд 2008 оноос эхлэн хувийн машинаараа таксины үйлчилгээ үзүүлж байна. Тэд өглөө, оройны хөл хөдөлгөөн, сургууль эхлэх, тарах үед өөрсдийн тогтоосон зогсоолоос хүмүүсийг авч, тодорхой чиглэлд зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг. Энэ үйлчилгээ албан бус буюу хувийн машинтай иргэдийн санаачилга бөгөөд хавийнхаа иргэдэд танигдсан нэр нь С176 (Стандарт дэлгүүрээс 176 цэцэрлэг хүртэлх чиглэл). 

Энэ үйлчилгээ гарахаас өмнө тэр хавийн цөөн хэдэн машинтай хүмүүсээс бусад нь автобусны буудал гэр хоорондоо ихэнхдээ алхаж ажлаа амжуулж байв. Тиймээс зарим хүмүүсийн хувьд үнэтэй хэдий ч

дийлэнхийн хувьд маш эрэлттэй үйлчилгээ юм. С176-ын такси нийтийн тээврийг орлохуйц үйлчилгээ хүргэдэг ч өөрсдийн хуваарь, хүслээр явж байгаа учраас өдрийн орлого хангалттай эсвэл завгүй үедээ ажилдаа гарахгүй тохиолдолд тэр хавийн хүмүүс унаагүй болчихдог асуудал үе үе гарна. Дээр нь үйлчилгээ үзүүлж байгаа тул аюулгүй байдлыг хангах, үйлчилгээний соёлд суралцах гээд шаардлага, бэрхшээл зах зухаасаа гарч эхэлжээ. 

Энэ үйлчилгээг үзүүлж ирсэн анхны хүмүүсийн нэг нь Доржийн Баярбат. Тэрээр эдгээр асуудлыг анзаарч, энэ үйлчилгээг ямар нэгэн байдлаар зохион байгуулалт оруулах хэрэгтэйг ойлгожээ. Баярбат албан бус таксины жолооч нартай ярилцан, бүлэг үүсгэх замаар тэднийг бүртгэх, үнэмлэх олгох, тодорхой шаардлага тавих, цагийн хуваарьт оруулах зэрэг ажлыг алхам, алхмаар эхэлжээ. Энэ ажилд хорооноос үзүүлсэн дэмжлэг бас тун чухал: уулзалтын өрөө гаргаж өгөхөөс эхлэн таксины зогсоол тогтоох, зарим нэгэн замын тэмдэг, тэмдэглэгээ хийх ажлыг хороо гүйцэтгэжээ. Замын болон хэв журмын цагдаа нарт албан бус таксины бүлгийг танилцуулсан нь асуудал гарсан тохиолдолд цагдаа нар харилцах хүнтэй болсон. Зорчигчид ч бүлгийн гишүүн таксигаар үйлчүүлэх нь хувь хүний таксинаас найдвартай гэж үздэг, таксинд эд зүйлсээ мартвал санаа зовохгүйгээр олдог гээд давуу талыг нь олж харжээ.

q1-01.png

Баярбат бүлгийн гишүүдэд орлогын эх үүсвэр бий болгох, орлогыг нь тогтвортой байлгах зорилготой хадгаламж буюу хуримтлалыг 2015 оны 11-р сард нээжээ. Арав гаруй гишүүд өдрийн орлогоосоо шалтгаалж нэг хүн долоо хоногт 10,000-30,000 төгрөгийг тодорхой хугацаанд хадгалж эхэлсэн. Гишүүд машинаа засах, хэрэглээний бусад зорилгоор хүүтэй зээл авч, тодорхой хугацаанд буцаан төлнө. Жилийн эцэст хүн бүр хадгалуулсан дүнгээ эргүүлэн авч, хуримтлагдсан хүүг оролцсон хүн бүрт хувааж олгодог. Энэ ажил нэлээд сайн явж, нэг жилийн дараа гэхэд хуримтлалын бүлгийн зарим оролцогчид 800-1 сая төгрөг буцаан авчээ. 

Баярбат эдгээр санаачилгаа цаашид тэлэхээр “Өнөр өсөх ирээдүй” ТББ-ыг 2020 онд байгуулжээ. Албан бус такси, хуримтлалын бүлгийг албан ёсны байгууллага болгох нь төрийн болон олон улсын байгууллагуудын туслалцаа, дэмжлэг авахад дөхөм болох, цаашилбал өөрийн эхлүүлсэн ажлаа илүү олон хүнд хүргэх нь түүний гол зорилго юм. 2020 оны байдлаар албан бус таксины 13 машин хоёр ээлжээр хуваариар Ковид-19 хөл хорио хүртэл нэлээд идэвхитэй ажиллажээ. Өнөр өсөх ирээдүй ТББ нь 2021 оны эхээр тус хорооны залуусын бүлэгтэй хамтран Ковид-19 цар тахлын үр дагавар нэлээд хүнд туссан 20 гаруй айлд хүнс, сайжруулсан түлш өгч, тусалжээ. Хэрэгцээтэй иргэдэд туслахын зэрэгцээ шинэ байгууллагаа олонд таниулах нь зүйтэй гэсэн зорилгоор хандивын аянд оролцжээ. 

Хөршүүдтэйгээ нийлж эхэлсэн энэ ажлыг ганцаараа удирдах, зохион байгуулахад нь цаг их ордог тул өөрийн үндсэн ажлын хажуугаар эрхлэх нь Баярбатын зорьсон ажлын хурдыг сааруулдаг. Албан бус такси, хуримтлалын бүлэг зэрэг иргэдийн төлөө бас тэдний оролцоо бүхий ажлыг цаашид үргэжлүүлэхэд зөвхөн ганц хүний санаачилга, удирдлагаас хамааралтай байдлыг өөрчилж, иргэд илүү оролцоотой байдлаар байгууллага болж ажиллах нь Баярбатын хувьд хамгийн том сорилт болоод байна. Үүн дээр нэмээд, хуримтлалын бүлгийг идэвхжүүлэх, таксины үйлчилгээг жинхэнэ үйлчилгээ гэдэг утгаар нь хөгжүүлэхэд байгууллагын эсвэл хувь хүмүүсийн мэргэжлийн дэмжлэг, туслалцаа их хэрэгтэй гэж Баярбат үзэж байна.

 
q2-02.png