УНАА Дизайн студи: Залуусын гаргасан шинэлэг шийдэл

for-web-2.png

УНАА төслийн хүрээнд Гэр өргөө ТББ-аас удирдан явуулсан Дизайн студийн 12 оролцогчид эрч хүчээр дүүрэн таван өдрийг хамтдаа өнгөрүүллээ. Оролцогчид дөрвөн багт хуваагдан ажилласан бөгөөд тэдний зорилт нь гэр хорооллын зорчих хөдөлгөөнд тулгардаг бэрхшээлийг шийдвэрлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулах юм. Баг тус бүр өөрсдийн шийдлийг Сонгинохайрхан дүүргийн 31-р хорооны Засаг дарга бүхий багт танилцуулснаар Дизайн студи өндөрлөлөө.

UNAA Photo 8.jpg

Таван өдрийн агуулга нь Станфордын их сургуулийн дизайны сургууль (d.School, Stanford University)-аас боловсруулсан, асуудлыг бүтээлчээр шийдвэрлэх аргачлал болох дизайн сэтгэлгээний үе шаттай уялдаатай юм. Баг тус бүр хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлагыг мэдрэх буюу ойлгосны үндсэн дээр шинэлэг санаа гаргаж, туршилтын загвар боловсруулсан юм. Улмаар хэрэглэгчдийн төлөөлөлд загвараа танилцуулах замаар тэдний санал, шүүмжийг тусгаж, шийдлээ хэд хэдэн удаа сайжруулсан.

 
image1.png

Станфордын их сургуулийн Хассо Платтнерийн Дизайны хүрээлэнгээс (Hasso Plattner Institute of Design, Stanford University) боловсруулсан дизайн сэтгэлгээний арга нь хэрэгцээнд тулгуурсан дизайн буюу оролцоотой байдлаар дизайн боловсруулах түгээмэл аргын нэг болоод байна.

Энэ аргачлалын онцлог нь дизайнер болон хэрэглэгчид бүхий л үе шатад мөр зэрэгцэн ажиллаж, хэрэглэгчийн хэрэгцээг мэдрэх, таамаглал болон түгээмэл ойлголтыг нягтлах, “хурдан” алдаа гаргаж, загвараа байнга сайжруулах юм. 

 
 

Хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлагыг ойлгох үе шатанд гэр хорооллын иргэдийн зорчих хөдөлгөөнд тулгардаг бэрхшээлийг илүү ойр ойлгохын тулд УНАА төслийн хамтрагч болох Сонгинохайрхан дүүргийн 31, 43-р хороонд ажиглалт аялал хийж, гэр хорооллын иргэдтэй ярилцлаа. Түүнчлэн, Улаанбаатар хотын чухал хэсэг болсон гэр хороолол болон оршин суугчдад нь тулгардаг тээвэр, зорчих хөдөлгөөний асуудал, УНАА төслийн судалгааны үр дүн, улмаар тогтвортой тээврийн ойлголт, энэ салбарын олон улсын чиг хандлагын талаарх яриа, хэлэлцүүлэг хийсэн нь Дизайн студийн оролцогчдын шийдэх гэж буй асуудлын талаарх ерөнхий ойлголт, мэдлэгийг тэлэх зорилготой байсан юм. 

UNAA Photo 3.jpg

Дизайн студид оролцсон дөрвөн багийн шийдэл нь албан бус таксины жолооч нарын холбоо байгуулахаас эхлээд хүмүүсийн зан төлөв, ойлголтыг сайжруулах кампанит ажил зэрэг бүгд өөр бөгөөд өвөрмөц байлаа. 

Надад хамгийн сонирхолтой бөгөөд өгөөжтэй байсан хэсэг нь тоглоомын аргаар багийн ажиллагааг шалгаж, сайжруулах байлаа.
Таван өдрийн хугацаанд оролцогчид Улаанбаатар хотын гэр хорооллын асуудлыг ойлгож, шийдэх боломжит аргыг олж мэдсэн. Би мэдээллийг богино хугацаанд боловсруулж, хэрэгтэй шийдэл гаргахад ашиглахад суралцлаа.