КЭЙС СУДАЛГАА #2

УУЛЫН НУУР

IMG-2184.PNG

ГЭР ХОРООЛОЛ ДУНДАХ НОГООН АРАЛ 

Содномсэнгийн Өлзийтогтох

БЭРХШЭЭЛ

Олон нийтийн газар гэхээр дийлэнх хүмүүс кино театр, номын сан, эсвэл кафе зэрэг олон нийтэд үйлчилдэг газрыг төсөөлдөг. Тэгвэл олон нийтийн газар гэж юу вэ? Улаанбаатарт ийм газар хэд байдаг бол? 

Олон нийтийн газар гэдэг нь тухайн орчинд амьдарч буй хүмүүс амралт, чөлөөт цагаа өнгөрөөх эсвэл өөрсдөд нь зориулсан арга хэмжээг зохион байгуулах орон зай юм. Өмчлөл, санхүүжилтийн хувьд 1) тухайн орчны иргэдийн эзэмшлийн, 2) төрийн эзэмшлийн, 3) хувь хүн эсвэл хувийн компани ивээн тэтгэдэг, ашгийн төлөө байж болдог.

Улаанбаатар хотын төвд хувийн компанийн ивээн тэтгэж, тохижуулсан олон нийтийн зай, талбай аажмаар нэмэгдсээр. Бидний сайн мэдэх нь Централ тауэр барилгын урд талын цэцэрлэгт хүрээлэн, Чойжин ламын музейн ногоон байгууламж зэрэг хувийн компанийн санхүүжилтээр нийтэд зориулан зассан орон зай юм. Харин хувь хүний санаачлага, санхүүжилт бүхий олон нийтийн төв, орон зай маш цөөн бөгөөд Улаанбаатар хотын төвөөс зайдуу орших гэр хорооллын бүсэд бүр ч ховор. Энэ байдлыг өөрчилж болох нэгэн загвар бол хувь хүний санаачилгыг бодлогоор дэмжих юм. Бидний сайн мэдэх Уулын нуур нь хувь хүний санаачилга, хичээл зүтгэлээр бүтсэн цөөнгазрын нэг бөгөөд ийм төрлийн бүтээн байгуулалтыг системтэйгээр дэмжих нь Улаанбаатар хотод олон нийтийн орон зайг тэлэхэд нөлөөлж болох юм.

DSC_6002.JPG

ШИЙДЭЛ

Дэнжийн мянгын гэр хороолол дундах Уулын нуурыг харсан хүн дуу алдмаар. Зундаа нууранд нь завьтай хүмүүс усны шувуу сүлжин сэлж, өвөлдөө мөсөн гулгуурын талбай нь хүйтнийг ажрахгүй тоглох хүүхэд, залуусаар дүүрэн. Бас жуулчид эсвэл мэддэг монголчууд хотыг бүхэлд нь тольдож хардаг тавцанг нь зорьж ирдэг. Гэр хорооллын дунд, тэр тусмаа хуучин хогийн цэг байсан газрыг хүмүүс чөлөөт цагаа өнгөрөөх цэцэрлэгт хүрээлэн болгон өөрчлөхөөр зорьж буй хүн бол Содномсэнгийн Өлзийтогтох. 

Энэ газрын буурин дээр социализмын үед (1946 оноос 1960-аад оны сүүлч хүртэл) замын чулуу олборлодог уурхай байснаа яваандаа хог хурсан газар болж

хувирчээ. Өлзийтогтох 2010 оноос эхлэн хогийн цэгийг ногоон орчин болгох тэвчээр шаардсан ажлаа эхлүүлж. Эхний үед хогоо цэвэрлээд дуусаад маргааш нь ирэхэд хүмүүс хогоо хаячихдаг байсан ч уйгагүй оролдсны ачаар ойр хавийнх нь хүмүүс Уулын нуурыг хогийн цэг гэж хардаг нь өөрчлөгдөж эхэлжээ. Өлзийтогтох 2012 оны өвөл мөсөн талбайгаа нээж, 2014 оны 5-р сард албан ёсоор хаалгаа нээснээс хойш Уулын нуурыг зорих хүүхэд, залуус жил тутам нэмэгдэж байна. Дулааны улиралд буюу 5-р сараас 10-р сарын хооронд таван мянга гаруй хүн үйлчлүүлдэг. Нуурын мөс бүрэн хөлдөх 11-р сарын дундаас 2-р сарыг дуустал давхардсан тоогоор 9,000-10,000 хүүхэд, залуус мөсөн дээр “өнждөг”. Өнгөрсөн жил барьсан байшингаа тохижуулж, англи, япон хэл, хөгжим, хоккейн сургалт зохион байгуулах гэж оролдож байна. 

Хуучин уурхай, хогийн цэгийг Улаанбаатар хотод ховорхон байдаг цэцэрлэгт хүрээлэн, нуур, мөсөн талбай болгон өөрчлөхөд олон нийт, ялангуяа хөршүүд нь аль зэрэг тусалж, дэмждэг бол? 

Өлзийтогтох Уулын нуурын үйл ажиллагааг завь, тэшүүрийн түрээсийн орлогоор санхүүжүүлдэг. Төлбөртэй үйлчилгээ явуулдаг учраас хүмүүс тэр бүр туслах шаардлагагүй гэж түүнийг хардаг байх гэж Өлзийтогтох ярилаа. Түүнээс гадна тэрээр бусдад аль болох төвөг удахгүйгээр бүгдийг шийдэх гэж зорьдог.

q2-05.png

Уулын нуурын ажил улирлын чанартай: зун шарилж цэвэрлэх үеэр хүн хүч хэрэгтэй. Өвөл мөсөн гулгуурын талбайн ид ачааллын үед зохион байгуулах хүн дутагддаг. Хэдийгээр хөршүүд нь туслах санал тавьдаг ч бүгд өдрийн цагаар ажилтай учраас тэр бүр тусалж чаддаггүй гэж Өлзийтогтох тайлбарлав. 

Тэрээр Уулын нуураа тэлэх зорилгоор хөршүүдээсээ газрыг нь худалдаж авчээ. Тэр хүмүүс хичнээн дассан газраасаа нүүж, газраа зах зээлийн үнээр зарж байгаа ч Уулын нуур цаашид өргөжинө гэдэгт итгэж сайн үйлийн төлөө газраа зарж байгаадаа сэтгэл хангалуун явдаг гэж Өлзийтогтох ярьж байна.

Өлзийтогтохын орчны иргэдээс хүлээсэн хамгийн эхний, наад захын дэмжлэг бол хүрз барьж ирээд, мод тарихад нь туслах бус харин цэвэрлэсэн газарт нь хогоо хаяхгүй байх. Дээр нь тохитой газрыг ашиглан архи уух хүмүүс ч мэр сэр байдаг. Гэвч сүүлийн үед “хүүхдүүд цугладаг орчинд архи бүү уу” гэдэг шаардлагыг нь сонсож, ойлгодог хүмүүс нэмэгдэж байна. Энэ газрыг өөд нь татах гэж арав гаруй жил уйгагүй ажиллахдаа ажигласан зүйл нь Уулын нуур тохижиж, өнгө зүсээ татах тусам хог хаях, архи уух хүмүүс багасч, шаардлага тавихад уриалгахнаар хүлээн авдаг хүмүүс нэмэгдэж байна.

DSC_5994.JPG

Уулын нуур, Өлзийтогтохын туршлагаас харахад хувь хүний санаачилга бүхий нийгмийн үйлчилгээг дэмжих бодлого хэрэгтэй санагдлаа. Уулын нуур ашгийн төлөө бус, зөвхөн зардлаа нөхөх зорилгоор төлбөртэй үйлчилгээ эрхэлдэг учраас ихээхэн хөрөнгө шаардсан тохижилтод хүрэлцэх хуримтлалтай болох нь бэрхшээлтэй байх. Бүтээн байгуулалт, тохижилтыг хариуцсан тогтолцоог бий болговол Улаанбаатар хотод, тэр дундаа гэр хороололд нүдний гэм болсон олон нийтийн төвийг ажиллуулах С. Өлзийтогтох шиг эрмэлзэлтэй хүмүүс олшрох байх.

 
q2-09.png