КЭЙС СУДАЛГАА #3

ХАШААНДАА САЙХАН АМЬДАРЪЯ

Сошиал медиа дах хөршийн холбоо

Цэнгэний Түмэнбаяр

БЭРХШЭЭЛ 

Хөршийн холбоо буюу иргэдийн санаачилга манай хотод тун чухал байна. Сүүлийн үед хөрштэйгээ танилцахаас эхлээд машинд нь дайгдах, хамар хашаагаараа нийлж хашаа, гудамж, талбайгаа сайжруулах хэрэгтэйг ярьдаг хүмүүс олширч байна. Технологи хөгжсөн өнөө үед “хөршийн холбоо” цахим орчин дахь нийгмийн сүлжээ буюу сошиал медиад суурилан хэрхэн амжилттай бий болох боломжтойг харуулж буй нэгэн жишээтэй танилцъя. 

Монголд сошиал медиа, ялангуяа Фэйсбүүк бол Google, эсвэл интернеттэй тэнцүү ойлголт байдаг. Түүнээс гадна Фэйсбүүкийг “хэрүүл хийдэг” платформ гэж ойлгох ч хүмүүс бий.  Харин Цэнгэний Түмэнбаяр энэ ойлголтыг няцааж, хүмүүсийг хашаандаа сайхан амьдрах хөдөлгөөнд уриалж байна.

CC6A2137.JPG

ШИЙДЭЛ

“Хашаандаа сайхан амьдаръя” гэсэн энгийн уриа дор одоогоор 290,000 гаруй Фэйсбүүк хэрэглэгчид нэгджээ. Улаанбаатар хотын гэр хороололд 200,000 гаруй өрх амьдардаг гэхээр энэ санаачилгад нэгдсэн хүмүүс нэлээд их юм. Хүмүүс хашааны хаалганаас эхлээд хашаа, байшин, жорлонг хэрхэн засч сэлбэн, амьдрах орчноо өөрсдийн гараар өөрчилж буй түүхээ хуваалцдаг. Үүний зэрэгцээ мэдэх, чадах зүйлс байвал бие биедээ зөвлөх, мэдээлэл хуваалцах нь бий. Группын гишүүдийн дунд орон сууцанд амьдардаг хүмүүс байдаг бөгөөд хашааны ажилсаг хүмүүсээс урам зориг авч, хашаатай болох хүслээ илэрхийлэх нь элбэг. Гишүүдийн шийдэх асуудал улирал бүр өөр: хавар, зуны саруудад зуны байшин

барих, мод, зүлэг тарих, хашаа тохижуулах талаар яриа өрнөдөг бол сэрүүн унамагц гэр, байшингаа дулаалах тухай санал, туршлага солилцдог.

Энэ онлайн хөдөлгөөнийг үүсгэсэн хүн нь Цэнгэний Түмэнбаяр юм. Цэцэрлэгжүүлэлт, ландшафтын бизнес эрхэлдэг хүн ийм олон хүнийг хэрхэн онлайнаар “хөдөлгөөнд оруулж” чадсан юм бол? 

Анх Фэйсбүүк групп үүсгэх санаа төрсөн түүх нь энгийн: хашаагаа тохижуулж, цэцэрлэгжүүлэх талаар зөвлөгөө авахыг хүссэн өчнөөн олон хүмүүс Ц.Түмэнбаярт хандаж эхэлжээ. Зарим нь тохижилтын ажлын үнийн санал ч авна. Ихэнхи айлд компанид үйлчлэхэд зориулсан үнийн санал ахаддаг байсан байх. Энэ үед л Түмэнбаяр хашааны орон зайгаа тордох, ногоон орчин үүсгэх, эсвэл аж ахуйн эрхлэх нь хүн бүрийн хобби болох ёстой гэсэн сэдлээр 2016 онд Фэйсбүүк хуудас нээжээ. Сонирхолтой нь 2019 оны 12-р сарын эцсээр 30,000 дагагчтай байсан бол 2020 оны хавар гэхэд 200,000 болж гэнэт өсчээ. Учир нь Ковид-19 тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор хөл хорио тогтоож, хүмүүсийн анхаарал онлайн, сошиал медиа руу чиглэсэн нь энэ хөдөлгөөн хүчээ авахад ихэд нөлөөлж. Дээр нь дулааны улирал дөхөхөд хашаанд амьдардаг хүмүүс “хөдөлгөөнд” орж эхэлдэг.

q3-07.png

Фэйсбүүк хуудсандаа эхний үед гадаадын агуулгыг орчуулж эсвэл өөрөө “гол дүрд” нь тоглож байсан тэрээр “үзэгчдээ” уйдаахгүйн тулд шинэ агуулгын эрэлд гарлаа. Удалгүй хашаагаа өөд нь татаж, хашаандаа сайхан амьдарч буй айлуудын жишээг сурвалжилж эхэлжээ. Ингэж бусадтай хамтрах, бусдын туршлагыг түгээх замаар ажлаа үргэлжүүлсэн нь “хүн бүр өөр өөр өнцөг, өнгө аяс оруулж” бусдыг сэдэлжүүлэх, урам зориг өгөхөд улам дэм болдог гэж Ц. Түмэнбаяр ярьж байна.

Өнөөдөр гэхэд “Хашаандаа сайхан амьдаръя” нэртэй, ижил зорилготой Фэйсбүүк групп аймаг, сумдын нэрээр энд тэндгүй гарчээ. Үүнээс Хэнтий, Ховд, Өмнөговь аймгийн иргэдийн санаачилга хамгийн эрчтэй нь явж байгаа бөгөөд санаачилгын агуулга, хэлбэр нь төстэй тул тэд Түмэнбаяраас зөвлөгөө авах зэргээр байнга холбоотой байдаг. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын групп нийт 14,000 гишүүдтэй нь хамгийн том бөгөөд энэ нь сумын хүн амын 1/3-тай тэнцүү тоо юм.

CC6A2138.jpg

“Хашаандаа сайхан амьдаръя” группын зарим гишүүд хөршөөрөө нийлж, гудамжаа өөд нь татах талаар сүүлийн үед ярилцах болжээ. Иймээс Түмэнбаяр өөрсдийн санаачилгаар нэгдсэн хөршүүдтэй хамтран гудамжаар нь тохижуулах ажлыг төлөвлөж байна. 

Хашаандаа сайхан амьдарч буй эсвэл амьдрахыг хүсдэг эдгээр хүмүүсийг ажиглахад дийлэнх нь өөдрөг, бие биедээ урам өгдөг, ажилсаг, боловсон харьцаатай санагдсан. Ийм өөдрөг бас ажилсаг хүмүүсийг Фэйсбүүк дээр нэгтгэж байгаагийнхаа нууцыг Түмэнбаяр “Хүмүүс өөрийн гараар хийж байгаа зүйлсээ бусдад харуулж, урмын үг сонсох нь хамгийн сайхан зүйл юм шиг” гэж тайлбарласан юм. Энэ онлайн хамт олны найрсаг уур амьсгал, соёлыг бүрдүүлэхэд группын админы үүрэг чухал байсан. Групп нээгдсэн цагаас эхлэн зорилгоос хальсан яриа, хэрүүл, шуугиан, сурталчилгааг хүлээн зөвшөөрдөггүй байсан нь богино хугацаанд соёлтой, ажилсаг хамт олныг бүрдүүлэхэд нөлөөлсөн байх магадлалтай юм.

 
q3-11.png