КЭЙС СУДАЛГАА #4

ИД ШИДИЙН ОРОН

Олон нийтээс санхүүжилт босгосон монгол загвар

О. Мишээл

БЭРХШЭЭЛ

Улаанбаатар хотын орон сууц, гэр хороолол хоёр өдөр шөнө мэт ялгаатай. Төвийн халаалттай байранд амьдарч байхад нөгөө хэсэг нь зууханд нүүрс түлэхээс эхлээд амьдралын хэв маяг, дэд бүтэц, нийгмийн үйлчилгээний хүртээмж эрс тэс. Үүний нэг жишээ нь хүүхдийн боловсрол, бусад хэрэгцээг хангах үйлчилгээ хотын төв хэсэгт төвлөрч, харин гэр хороололд номын сан зэрэг зарим үйлчилгээ огт байдаггүй, зарим нь хангалтгүй байна. Хэдийгээр нийгмийн үйлчилгээг оршин суугаа газраас үл хамааран бүх хүнд тэгш хүргэх нь төрийн үүрэг боловч хөрөнгө оруулалт шаардсан бүтээн байгуулалт тэр бүр гэр хороололд хүрдэггүй. Ийм үнэтэй бөгөөд ярвигтай ажлыг олон нийтийн дундаас хөрөнгө босгох замаар шийдсэн шилдэг жишээ бол Ид шидийн орон юм. Сүүлийн үед дэлхийн хэмжээнд олон нийтийн дунд хөрөнгө босгох ажлыг онлайн хэлбэрээр явуулж байгаа бол онлайн болон уламжлалт хандивын аяныг хослуулан, ялангуяа гадаадад амьдарч буй монголчуудыг татан хөрөнгө босгосон монгол жишээг танилцуулъя.

18670883_1439355029455505_618705485211977340_n.jpg

ШИЙДЭЛ

Анх хүний эрхийг хамгаалах санаачилгаас үүдэлтэй Лантуун дохио ТББ нь 2016 онд хотын төвөөс илүү гэр хороололд хүүхэд хамгааллын асуудал нэн чухал хэмээн үзэж үйл ажиллагаагаа тэлсэн. Гэвч удалгүй гэр хорооллын асуудлыг хотын төвөөс шийдвэрлэх нь хангалтгүй гэж үзээд тухайн үедээ яг л мөрөөдөл, ид шид мэт санагдсан нэгэн том санаачилгыг маш зоригтойгоор эхлүүлжээ. Тэдний мөрөөдөл нь хүүхэд хамгаалал, хүүхдийн хөгжил, сэтгэл зүйн зөвлөгөө зэрэг үйлчилгээг нэгтгэсэн төв барих байв. Ингээд 2017 оны 4-р сард барилгын шаваа тавьснаас зургаан сарын дараа барилгын ажил дуусав. Энэ төсөл Улаанбаатар хотын хамгийн их утаатай Баянхошуунд байршдаг тул

цахилгаан халаалтаар дулаанаар шийдсэнийг онцлох нь зүйтэй байх.

Лантуун дохио ТББ-ын гишүүд анх 1,000 төгрөгийн түлхүүрийн оосор зарж, мөн хандивын концерт зохион байгуулж тэдний хөрөнгө босгох ажил эхэлсэн бол удалгүй цэцэрлэгийн хүүхдүүд зурсан зургаа аав, ээждээ “зарж” орлогоо хандивлах, хувь хүмүүс, бизнес эрхлэгчид, байгууллагууд архитектурын зургаас эхлээд барилгын материал, тохижилт зэрэг олон ажлыг мөнгөн бус байдлаар дэмжих хүртэл тэлжээ. Энэ төслийн нийт зардлын 51 хувийг мөнгөн хандив, үлдсэнийг мөнгөн бус санхүүжилт босгож дуусгасан.

Төслийн баг эхний төвөө 2017 оны эцсээр нээж, нэг жилийн дараа хоёр дахь шидэт ертөнцөө гэр хороололд барих ажлаа эхлүүлсэн байна. Хамгийн түрүүнд ирсэн саналын нэг нь уул уурхайн томоохон компани (Энержи Ресурс ХХК)-ийн 740 сая төгрөгийн санхүүжилт байв. Санаанд багтамгүй энэ санал төслийн багт урам өгөхийн зэрэгцээ ийм том хандивлагчийн итгэлийг алдахгүй хоёр дахь төслөө дуусгах том хариуцлага мэт санагдсан. 2019 оны дундуур барилгын ажлаа эхлүүлж, оны эцэс гэхэд Ид шидийн орон–2 төвийг нээжээ. Төслийн баг хоёр дахь төслийн үеэр Өмнөд Солонгос, Канад, АНУ-д амьдарч буй монголчуудад төслөө танилцуулах аян өрнүүлсэн нь дотоодод хийсэн санхүүжилт босгох ажлаас онцлог байжээ.

q4-13.png

Эдгээр төслийг амжилттай дуусгаж, олон нийтийн санхүүжилт босгох аргыг Монголд таниулахад гол хөшүүрэг болсон хэрэгсэл бол хүн амын 70 орчим хувь нь ашигладаг Фэйсбүүк байв. Улс орныг нийтээр нь аянд нэгдэхийг уриалж, их бага гэлтгүй хүн бүрийн хандив хүүхдэд боломжийг нээж өгдгийг хүмүүст таниулах төслийн зорилгоо биелүүлж чадсан. Фэйсбүүк хуудсаараа дамжуулан хандив өгсөн хүн бүрд талархлаа илэрхийлж байсан нь дараагийн дэмжигчдэд хандивын аянд оролцох сэдлийг өгч байв. Ялангуяа гадаадад амьдарч буй монголчуудыг хөдөлгөөндөө нэгтгэхэд Фэйсбүүк чухал хэрэгсэл болсон. Үүний тод жишээ нь АНУ-д сурдаг оюутан Фэйсбүүкийн платформыг ашиглан төрсөн өдрөөрөө хандив цуглуулах санаачилгыг 40 гаруй хүн дэмжиж, Ид шидийн орон төсөлд 33,000 ам. доллар хандивлажээ. Энэхүү түүхийг Фэйсбүүкийн Community Voices онцолсон нь олон нийтийн хүчээр нийгмийн асуудлыг шийдвэрлэж буй Монголын жишээг олон улсад түгээсэн явдал болсон.

131728876_1640520749482126_6469339292002339606_n.jpg

Эдгээр хоёр төвийн үйл ажиллагааг санхүүжүүлэх нь барилга барихаас дутахгүй том сорилт юм. Тус байгууллагынхан дотоодын томоохон банк, хүнсний үйлдвэрлэгчидтэй хамтран санхүүжилт босгох шинэлэг аргуудыг нэвтрүүлж байна. Банкны хэрэглэгчид өдөрт 100 төгрөгийн хандив өгөх, хэрэглэгчдийн худалдан авалтын тодорхой хувийг хандивлах үйлчилгээг түгээж эхэлсэн. 

Санхүүжилт босгох гол түлхүүр болох өөрсдийн түүхийг өгүүлэх (story telling) аргачлалыг энэхүү аян жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж чаджээ. Хүн бүрийн өгч буй туслалцааг хүртэх хүмүүс нь хүүхэд, ялангуяа боломж нь хомс хүүхдүүд гэдгийг Ид шидийн орны баг олон нийтэд сайтар ойлгуулж чадсан. Түүнчлэн, нэг хүний хандивын хэмжээ бус харин олон хүний оролцоо чухал гэдгийг хандивын аяны турш онцолж байв. Хүн бүрийн оролцоо хүүхдийн боломжийг хэрхэн өөрчилж буйг хандивлагчид, дэмжигчдэдээ байнга мэдээлэлж, тэдэнд талархан, тэднээр бахархах сэтгэгдлээ олон нийтэд идэвхтэй түгээсэн учраас хоёр төслийн барилгыг санхүүжүүлээд зогсохгүй, цаашлаад үйл ажиллагааг нь дэмжих давлагаа үргэлжилж байгаа болов уу хэмээн өөрсдийн ажлыг дүгнэж Лантуу дохио ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн О.Мишээл хэллээ.

 
q4-21.png
 

“Бид санхүүжилт босгох аяндаа хүн бүрд талархаж, тэдний хандив бидэнд хэрхэн урам хайрлаж, хамгийн гол нь хүүхдэд хэрхэн хүрч буйг мэдээлэх ажилд заримдаа үндсэн ажлаасаа их цаг гаргасан” нь тэдний амжилтын нууц гэж О.Мишээл дүгнэж байна.

 
q4-15.png