УЛААНБААТАР ХОТЫН ИРГЭДИЙН ЗОРЧИХ ХӨДӨЛГӨӨН БА ТӨЛӨВЛӨЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Улаанбаатар хотын иргэдийн зорчих хөдөлгөөн ба төлөвлөлт” сэдэвт хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Сургуульд Лондон коллеж их сургуулийн Бартлеттын төлөвлөлтийн сургуулийн хот төлөвлөлтийн профессор Икбал Хамидүддин оюутан, судлаачдад зориулж хийлээ. Гэр суурьшлын бүсийн ялангуяа зорчих хөдөлгөөнтэй холбоотой судалгаа ховор байдаг тул уг судалгаа нь Улаанбаатар хотын нийтийн тээврийн асуудалд чухал сэдэв юм.

Тус судалгаа 2020 оны 3-р сард Улаанбаатар хотын гэр суурьшлын бүсийн дөрвөн байршлын иргэдийн гэрээс хотын төв рүү зорчих хөдөлгөөнийг судалсан билээ. Судалгаанаас хэд хэдэн сонирхолтой үр дүн гарснаас дурдвал хувийн машингүй өрх өдөр тутам зорчихдоо цаг хугацаа, мөнгө их зарцуулдаг нь харагдаж байсан. Жишээ нь сарын орлогын түвшин бага буюу 420,000 төгрөгийн орлоготой өрхийн хувьд орлогынхоо 10%-ийг дан ганц зорчиход зарцуулдаг бөгөөд их орлоготой өрхтэй харьцуулахад автобусны зогсоол хүртэл 15 минут илүү алхдаг гэсэн үр дүн гарчээ. 

Хэлэлцүүлгийн хоёр дах хэсэгт зочин илтгэгчээр С.Эрдэнэцогт оролцож хот төлөвлөлт, газарзүйн салбарын судалгаа шинжилгээнд орон зайн нээлттэй өгөгдөл ашиглахын давуу талуудыг танилцуулсан. С.Эрдэнэцогт нь Нээлттэй өгөгдөл ба газарзүйн шинжээч бөгөөд Ардын Лаб ТББ-ын Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Тэрээр орон зайн нээлттэй өгөгдлөөр дамжуулан Улаанбаатар хотод тулгарч буй нийтийн тээврийн хүртээмжгүй байдал, агаарын бохирдол зэргийг шийдвэрлэх боломжийг танилцуулсан юм. 

Энэ ярилцлагыг хот төлөвлөлт, газарзүйн чиглэлээр сурч ажиллаж буй оюутнууд ба судлаачдад зориулсан бөгөөд “GerHub Speaker Series”-ийн хүрээнд Гэр өргөө ТББ, Ардын Лаб ТББ болон МУИС, Шинжлэх Ухааны сургууль, Байгалийн ухааны салбар, Газарзүйн тэнхимтэй хамтран зохион байгууллаа. УНАА судалгааны төслийн зорилго нь Улаанбаатар хотын гэр суурьшлын бүсэд амьдарч буй иргэдэд тулгардаг зорчих хөдөлгөөний асуудлыг тодорхойлж, шийдэл эрэлхийлэх юм. 

Судалгааны тайланг эндээс уншаарай.